Бидний тухай


МОНГОЛЫН ДААТГАЛЫН ХОЛБОО

Монголын Даатгалын Холбоо нь анх “Монголын Даатгагчдын Холбоо” нэрээр 2004 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын шийдвэрээр байгуулагдсан, Санхүүгийн Зохицуулах Хорооноос тусгай зөвшөөрөл авч даатгалын үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн, тэдгээрийн эрх ашгийн төлөө гишүүддээ үйлчилдэг, бие даасан, ашгийн бус мэргэжлийн холбоо юм. Зорилго. Холбооны зорилго нь Монгол улсын даатгалын салбарын тогтвортой хөгжлийг хангахад даатгалын компаниудын оролцоог нэгтгэх, энэхүү холбоогоор дамжуулан даатгагчдын болон олон нийтийн эрх ашгийг хамгаалах, Монголын даатгалын зах зээлийн өсөлт, хөгжлийг олон улсын хэмжээнд хүргэх, мэргэжлийн сургалт, судалгааны туслалцааг үзүүлэх юм. Бүтэц, зохион байгуулалт. 2018 оны Холбооны бүх гишүүдийн хурлаар Удирдах зөвлөлийн даргаар Монре Даатгал ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар ажиллаж байгаа бөгөөд Холбооны дүрмэнд нэмэлт, өөрчлөлт оруулан Монголын Даатгалын Холбоо болж нэрээ өөрчилж, дэргэдээ Монголын Даатгалын Институтыг шинээр байгуулан, Удирдах зөвлөлийн 9 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр өргөжүүлэн шинэ бүтэц, удирдлагын баг, Холбооны дунд хугацааны 2018-2019 он хүртэлх зорилго, төлөвлөгөөг боловсруулан баталлаа. Холбоо маань гурван үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нэгдүгээрт, даатгалын салбарын хөгжлийн бодлого, хамтын ажиллагааны уялдаа холбоог зохицуулах. Хоёрдугаарт, даатгалын салбарыг төлөөлж, бусад салбарын хөгжил, төрийн бодлого, хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхойлоход хувь нэмэр оруулах. Гуравдугаарт, олон нийт рүү хандсан даатгалын зөв мэдлэг, боловсрол олгох, мэргэжлийн богино хугацааны болон урт хугацааны сургалт зохион байгуулах үйл ажиллагаа явуулдаг. Гадаад харилцааны хувьд хамтарсан сургалт, хамтын ажиллагааны чиглэлээр Япон улсын Ердийн даатгалын холбоо, Японы Даатгалын сургууль, Амьдралын даатгалын сургалтын ФАЛИА байгууллага, Солонгос улсын Ердийн даатгалын холбоо, Энэтхэгийн Даатгалын сургууль, Малайзын Даатгалын Институт зэрэг улсуудын даатгалын мэргэжлийн холбоод, сургуулиудтай байнгын харилцаатай ажиллаж байна. Гишүүнчлэлийн хувьд СЗХ-с тусгай зөвшөөрөл авсан нийт 17 даатгагч нь Холбооны жинхэнэ гишүүн ба үүнээс ердийн даатгалын 15 даатгагч, урт хугацааны 1 даатгагч, давхар даатгалын 1 компани гишүүнээр элсэн үйл ажиллагаа явуулж байна.